“Хөгжим, дуурь, балет судлал” номын нээлт болно

ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛНО
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг, театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог агсны “Хөгжим, дуурь, балет судлал” номын нээлтийн ёслол өнөөдөр 10.00 цагт УДБЭТ-т болно.

Уг ном нь “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” номын нэмж засварласан хэвлэл бөгөөд УДБЭТ-ын зүгээс 50 жилийн ойн хүрээнд санхүүжүүлэн хэвлэжээ. “Хөгжим, дуурь, балет судлал” ном нь Монголын театрын үүсэл хөгжлийн түүхийг бодитой үндэслэлээр гаргаж тавьснаараа онцлогтой гэгддэг. Тус бүтээлд хэвлэгдсэн хөгжмийн театрын тухай бичсэн шүүмж, тэмдэглэлүүд нь театр судлаач, урлагийн менежерүүд, мэргэжлийн багш, оюутан, театрын урлаг сонирхогчдод үнэтэй гарын авлага болохуйц бүтээл гэнэ.

Театр судлаач С.Дашдондог агсан нь “Жаран жилийн шаштир” хоёр боть, “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” зэрэг бүтээлээрээ үе үеийн уншигчдад танил болсон билээ. Номын нээлтийн үйл ажиллагаанд С.Дашдондог агсны охин, театр судлаач Д.Батсайхан болон тус бүтээлийг дахин хэвлэхэд гар бие оролцсон хүндэт зочид, төлөөлөгчид оролцох гэнэ.

М.ДӨЛ