МИНИЙ САНАЛ БОЛГОХ НОМУУД: НОМЫН ЖОР САНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.БАЗАРСҮРЭН

МИНИЙ САНАЛ БОЛГОХ НОМУУД: НОМЫН ЖОР САНГИЙН ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ Б.БАЗАРСҮРЭН

Цагаан сарын шинийн хоёрны энэ өдөр бид номын буландаа Номын жор сангийн үүсгэн байгуулагч, Монгол уламжлалын сургуулийн багш Б.Базарсүрэнг урилаа. Номын уулзалт, арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, ахмад зохиолчидтой хамгийн ойр байдаг тэрээр үндэсний уламжлалт баяр тохиож буйтай холбогдуулан та бүхнийг монгол ахуй, нүүдэлчин соёлтой сайтар танилцуулах 4 номыг санал болгосон юм.

Б.Базарсүрэн: Өвөг дээдсийн минь үлдээсэн өв багшим билээ… Агууч түмний үрс бид ахуйгаасаа өдөр ирэх тусам алсарсаар, нэг л мэдэхэд эргэж чадамгүй их замыг туулчихсан байх вий гэхээс эмзэглэл төрдөг. Ахуйгаасаа алсарсан ч номоос олж мэдэх боломж бидэнд бий. Ном бидний асуусан бүхнийг хэлж өгөхгүй ч, хэлэх зүйлээ хэлж, өгөх юмаа өгдөг. Харин бид өгч буйг нь өөртөө шингээх л чухал. Бидэнд уудлаад дуусашгүй арвин “Өв”, үгсийн уурхайн цаглашгүй “Баялаг” бий. Хүнээ байж үгээ барахгүйн тулд үгийнхээ санг баяжуулах, өв соёлынхоо зах зухаас ч атугай суралцах нь бидний үүрэг гэж санадаг аа… Цаашилбал “Өвлүүлэн үлдээх” үүрэг ч бий. Иймээс бүрэн биш юмаа гэхэд тодорхой хэмжээний ойлголтыг аваасай, мэдлэгээ тэлээсэй хэмээн хүсэж дараах дөрвөн номыг нэрлэж, бага сага тайлбар хийхийг чармайв!

1. “МОНГОЛ ХЭЛНИЙ СУВД ЭРИХ” НЭРТ ХОВОР ҮГИЙН ТОЛЬ

“Хорин нэгтийн тайлбар толь” хэмээн алдаршсан, хорин нэгэн их тайлбар толийг 1708-1717 оны хооронд зохиож, залгуулан Гучин зургаатын тайлбар толийг бүтээсэн нь, Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толиор түүчээлсэн түүх бидэнд бий. Харин миний санал болгож буй эл тольд буй 4500 орчим үгсээс бидний мэдэх даанч цөөхөн юм. Зохиогчид “Сувд эрих”-ийг бүтээх эрэл хайгуулын жимээр явахдаа хуучны толь бичиг, ном судраас сорчлон түүж бүтээжээ. Үүх түүх, өв соёл, эх хэлнийхээ санг арвитгахыг хүссэн хүн бүхэн хуудас бүр дээр хараагаа тогтоомоор бүтээл. Хуучин ном зохиол унших үед зүс үзэж байгаагүй үгстэй таарч, эвэртэй туулай үзсэн мэт болохдоо эл толиосоо асууж, хариултаа ч олж авч чаддаг юм. Ялангуяа монгол бичгээр бичигдсэн хуучны ном, судар уншихад хань болж, асуусныг минь түвэггүй хэлж өгдөг анд нөхрөө та бүхний ч үнэнч нөхөр болно гэдэгт итгэж байна. Олоход бэрхтэй ч олох “эрэлд” гараасай хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. Эрсэн хүмүн олдог…

*Шинжлэх ухааны академи хэл зохиолын хүрээлэнгээс 1992 онд эрхлэн хэвлүүлжээ.

2. МОНГОЛЫН ИДЭЭН ТОВЧООН

Есөн бүлэг бүхий ер бусын үнэ цэнтэй, арвин агуулга бүхий энэ номыг уншсан хүн бүр ахуй амьдралаас урган гарсан, амьдрах ухааны нэгэн том сургуулийг дүүргэлээ гэж итгэж болно. Бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй асар олон зүйлийг өгүүлэн буй уг номыг Өвөр Монголын Бүрэнтөгс абугай бүтээж, Доктор Ч.Онгоодой хөрвүүлж, Эрдэмтэн Ш.Чоймоо ариутган шүүжээ. Цагаан идээг боловсруулах, улаан идээг бэлтгэх, өвс ургамлаас цай идээгээ базаах, усаар ундлах, араатан жигүүртэн, алим жимсээр хооллох гээд багшим их сэдвийг ёстой л “Үхрийн махыг үнхэлцэгэнд нь багтаахуйн” үлгэрээр нэгтгэжээ. “Тогооны хөлсөө тосон ууж” эм хийж, дэлгэр цагт цагаан идээ, хатуу цагт улаан идээгээр хооллодог байсан учир эрүүл саруул аж төрдөг байсан малчин удмын үрс бид одоо яаж хооллож, ундалж буй гэдгийгээ эргэцүүлмээр санагдсан шүү.
Түмэн номыг уй маггүй уншаад өнгөрөхөөс илүүтэй ганц номын утгын чанадыг тайлах нь чухал…

3. МАЛЧИН УХААН

“Л.Түдэвийн толгойд номын сан, Б.Баастын гэрт номын сан” гэдэг хэлц үүсэж байсан тухай дуулж байсан юм. Үнэхээр үнэн. Бөхийн Бааст абугай номын сангийн хэмжээний номтой хүмүн. Надад ярихдаа “Насаараа цуглуулсан хөрөнгө минь” хэмээн том өрөө дүүрэн номуудаа зааж байсан юм. Харин Түдэв абугайтай уулзаж байгаагүй ч ойр дотно явсан нөхдөөс нь нутгийн дүү нар нь “Ой их сайтай, хүний яриаг сонсоод л дуу хураагуур шиг тогтоож чаддаг” хүн гэж ярьж байхийг нь дуулж байсан. Үнэн гэж итгэх, бас нотлох зүйлс олон арван бий. Хүүхэд ахуй насаа “Хорвоотой танилцсан түүхээр мөнхөлж, хорин гуравхан насандаа хоймсон романаа туурвиж, нутгийн хөгшид ярьдаг асан Орой үгүй сүмийн тухай дуулж, “Оройгүй сүм” романаа туурвисан ийм гүн сэтгэгч бидний дунд буйд баярламаар, бас бахархмаар, хайрламаар… Үгийн үүслийн эрэл, үгэн мөндөр, үгэн бороо эсээ нь бэлхэнээ байна. Ингээд үл нуршин ГУЧИН ДОЛООН боть нь бийг дуулгая! Их хүмүний “Малчин ухаан” бүтээлийн нь танилцуулах гэж баахан оршил хэлсэндээ хүлцэл эрье!
Сүүлийн жилүүдэд “Нүүдлийн мал аж ахуй” судалгааны бүтээлээ туурвиж, “Малчин ухаан” номоо бүтээж, малчин сургууль байгуулбал эл бүтээлээ өгнө хэмээн ярьж байхыг нь дуулж, номны эрэлд гарснаар олж авсан юм. Номд малчин хүн мал, газар, тэнгэрээ хэрхэн шинждэг, малтайгаа ярьдаг “монгол хэл”-ний тухай, малаасаа авдаг хөгжим, малаа танихуйн монгол арга зүй, малаа саяглах, малчны био толь, малчны арга сүйхээ гээд “Малчин ухаан”-ы тухай арван дөрвөн бүлэгт ангилж, нарийн тайлбар хийжээ.
“Малаа танихуйн монгол арга зүй” бүлэгт таван хошуу малыг эврээр нь, бөхөөр нь, шүдээр нь, туруугаар нь шинжих, малыг им, тамгаар хэрхэн таних хийгээд тэдгээрийн үүсэл гарлыг ч нарийн тайлбарласан байгаа юм. Миний бие энэ бүтээлээс чиг авч “Монгол уламжлалын хичээлээ” заадаг. Судалгаа сайтай, чамбай энэ бүтээл цаг хугацаа алсрах тусам үнэд орно гэдэгт итгэж байна. Малчин ухааны олон талтай, судлагдаагүй, аман өв соёлыг бидэнд алхам ойртуулжээ… Мэдээж хэрэг бидний амьдралд өдөр тутам хэрэг болохгүй ч гэлээ “Уламжлалгүй шинэчлэл” байдаггүйг бодолцож, хийж буй бүтээлдээ, үйл хэрэгтээ хөрс болгоосой гэж хүсэж байна.

*Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, Доктор Л.Түдэв

4. МИНИЙ ӨССӨН МОНГОЛ АХУЙ

Би лав ийм энгийн хэллэгтэй, урсгал ус шиг атлаа уул шиг өргөн агуулгатай номтой цөөн таарч байв. Дурсамжаас дэлбээлсэн эл бүтээл “Монгол ахуйн газрын зураг” дээр буй хоосон орон зайг үлэмжхэн нөхсөн гэж би үздэг! Амьдралыг таньсан, олон зүйлийг үзэж, ухаарч, ойлгосон арвистай хүмүнээс ийм л часхийсэн бүтээл төрөх нь дамжиггүй! Номын нэрнээс үзэхэд зөвхөн монгол ахуйн тухай бичсэн мэт өнгөц ойлгож магадгүй. Уншаад үзэхэд тийм биш… Эрдэм сурахад “сэтгэлээ тогтоох” тухай, ахмад настны үгийг юуны учир сонсож учир начрыг нь олж, ултай тунгааж байх тухай ойлгож, олон арван шинэ үг тогтоож, үгийн баялгаа нэмэхэд тань ихээхэн тус болох ном. Ном бүтээж буй хүн бүхэн ийм нягт нямбай, алсыг харж явбал залуус бидэнд, дүү нарт маань, ирээдүй хойчид минь хэрэгтэй сэн.