Animal Spirits номын шүүмж

Animal Spirits: How Human Psychology Drives the Economy, and Why It Matters for Global Capitalism

Марь Д.Бадамдаш

Зохиогч Жорж Акерлоф, Роберт Шиллер нар уг бүтээлдээ өнөөгийн эдийн засгийн амьдралыг ойлгохын тулд хүний “адгууслаг чанар” (animal spirits) буюу хүний сэтгэлийн хөдөлгөөн, рационал бус хүчин зүйлс эдийн засгийн шийдвэр гаргалтад хүчтэй нөлөөтэй байдгийг тайлбарлажээ. Эдгээр хүчин зүйлийн дотор төсөөлөл итгэл, шударга харьцааны тухай эрмэлзэл, завшигч буруу сэдэл, мөнгөний талаарх ташаа ойлголт зэргийг дурдсан байна. Жирийн иргэдийн хувьд эдгээр хүчин зүйлс эдийн засгийн аливаа шийдвэр гаргах үйл явцад байнга нөлөөлж байдаг аж.

Эхний шинж болох төсөөлөл итгэл (confidence) гэдэг нь адгууслаг чанарын хамгийн гол бүрдэл нь бөгөөд бусад хүмүүс юу бодож, итгэж, юу хийхээр төлөвлөж байгаа тухай төсөөлөл, итгэлийг оруулна. Энэ нь хүнээс хүнд дамжин “халдварлах” чадвартай бөгөөд эцсийн дүндээ асар хүчтэй далайцыг бий болгодог байна. Тухайлбал, ихэнх хүмүүс үл хөдлөх хөрөнгө, орон сууцны үнэ үргэлж л өсч байна гэдэгт итгэх хандлагатай бөгөөд үүнийг хамгийн найдвартай хөрөнгө оруулалт гэж үздэг. Гэтэл ийм үзэл хандлага өнөөгийн хямралыг эхлэхэд нөлөөлсөн билээ.

Хоёрдугаар шинж нь шударга харьцааг (fairness) эрхэмлэж байдаг бөгөөд ажилтан, ажил олгогчийн хооронд ч ийм харьцаа байх ёстой гэж үзэж шаардлага тавьж байдаг ажээ. Ийм үед цалингийн хэмжээ гол шалгуур болдог бөгөөд хямралын үед цалин нь оруулж буй хувь нэмэртэй нь харьцуулахад шударга тогтоогдсон байх ёстой гэж үздэг аж. Мөн ажил олгогчдын зүгээс сайн ажилтнуудыг зах зээлийн хувьд хамгийн шаардлагатай доод түвшний цалин өгөх биш түүнээс өндөр цалин өгч ажиллуулах хандлага байдаг нь туршлагаас харагддагийг өгүүлсэн байна.

Гуравдугаар шинж нь завшигч буруу сэдэл (corruption and bad faith) гарах, түгэн дэлгэрэх боломж байнга байдаг төдийгүй зарим үед бүр гаарч эдийн засгийн уналт, хямрал уруу хөтөлдөг аж. Үүнийг томоохон улс төр эдийн засгийн шилжилт хийж буй орнуудын жишээнээс харж болдог. Манай орны хувьд ч санхүүгийн пирамид, хадгаламж зээлийн хоршооны луйвар зэрэг үүний тодорхой жишээ юм. Өнөөгийн хямралд ч гэсэн хүмүүсийн ийм хандлага томоохон үүрэг гүйцэтгэснийг дээрх зохиогчид болон бусад ажиглагчид цохон тэмдэглэдэг.

Дөрөвдүгээр шинж нь монетарист онолын зарчмын эсрэгээр олон хүмүүс мөнгөний ханшны өөрчлөлтийг яг таг мэдэрч шийдвэр гаргахдаа харгалзаж чаддаггүй (money illusion). Цалин нэмэх нь чухал боловч, үнэ өсөх бүрт тэгэж шаарддаггүй. Мөн үүний адилаар үнэ буурах үед цалингаа хасахыг бас хүлээн зөвшөөрдөггүй. Цалин бол зөвхөн өсч байх ёстой зүйлээр төсөөлж байдаг гэжээ.

Мөн дээрх дөрвөн шинжээс гадна, нийгэмд чухал үүрэгтэй байдаг янз бүрийн хүүрнэл (stories) чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тухайлбал, дээр дурдсан байшингийн үнэ үргэлж л өсч байдаг гэсэн хүүрнэлээс болж маш олон хүмүүс байр, орон сууцанд хөрөнгө оруулалт хийхэд хүрсэн аж.

Бүтээлийн хоёрдугаар хэсэгт зохиогчид дээрх адгууслаг шинжүүд эдийн засгийн тодорхой үйл явцад хэрхэн нөлөөлж ирснийг харуулж, тодорхой жишээн дээр тайлбарлажээ. Үүнд, эдийн засгийн уналт, хямралд эдгээр шинжүүд хэрхэн нөлөөлдөг, ажилгүйдлийн шалтгаан, ажилгүйдэл инфляцийн хооронд яагаад сонголт хийх болдог тухай, ирээдүйн тухайн хүмүүс ухаалагаар шийдвэр гаргадаггүй тухай, хөрөнгийн үнэ болон хөрөнгө оруулалтын урсгал яагаад савлаад байдаг, үл хөдлөх хөрөнгийн зах зээл яагаад үнийн өсөлт бууралтын орчилоор явдаг, угсаатны цөөнхийн хувьд илүү ядуу байх хандлагад эдгээр шинжүүд нөлөөлдөг тухай тайлбарлан өгүүлжээ.

Тухайлбал, өнөөдөр дэлхий дахиныг хамарсан хямрал бусад эдийн засгийн хүндрэлийн адилаар тодорхой зүйлийн үнэ өснө гэсэн нийтийн итгэл төсөөлөл газар авч, хөрөнгө оруулалтыг өсгөсөн бөгөөд энэ нь их хэмжээний ашиг олох гэсэн завшигч сэдлийн үйлдлүүд ихээр гарахад хүргэж эцэст нь итгэл гэнэт үгүй болж нийтийг сандралд хүргэснээр бий болжээ.

Зохиогчид дүгнэхдээ, орчин үеийн шинэ либерал эдийн засгийн ухаан эдийн засгийн зүй тогтлыг тайлбарлахдаа зөвхөн нэг явцуу хэсгийг л тодорхойлон харуулдаг юм. Рационал болон рационал бус, эдийн засгийн болон эдийн засгийн бус сэдлүүдээс рационал бөгөөд эдийн засгийн сэдлийг л хамардаг. Үүнийг хүснэгтээр харуулбал (хүснэгт 1-г харна уу) зөвхөн зүүн дээд талын хэсгийг (сүүдэртүүлсэн) л харуулдаг байна. Зохиогчдын дүгнэж буйгаар тэдний дэвшүүлж буй санаа нь үлдсэн гурван нүхийг бөглөх анхны оролдлого хийж байгаа ажээ.

Хүснэгт 1.

Эдийн засгийн (economic) сэдэл Эдийн засгийн бус (non-economic) сэдэл

Рационал (rational)

Рационал бус (irrational)

Үнэхээр ч нь эдийн засгийн оролцогч бүр нь ашгийг максимум түвшинд байлгаж, зардлаа хамгийн минимум түвшинд хадгалах рационал (оновчтой) шийдлийг гаргагч гэсэн үндэслэлд тулгуурлан эдийн засгийн онол, загваруудыг боловсруулах өнөөгийн хандлага учир дутагдалтай юм. Учир нь энэ зарчмаар тодорхой нөхцөлд хүн бүр адилхан бөгөөд хамгийн рационал шийдвэрийг гаргаж чаддаг гэсэн хуурмаг төсөөллийг бий болгодог.

Зохиогчид дүгнэхдээ иррационал шийдэл, үйл ажиллагаа давамгайлдаг эдийн засгийн орчинд төр зохистой оролцон тэдгээр адгууслаг чанарыг туйлшралд хязгаарлалт тогтоож, дүрэм журмаар зохицуулан, жаазанд барих замаар эдийн засгийн хүндрэлийг даван туулах, урьдчилан сэргийлэх боломж нэмэгдэнэ гэж үзжээ. Төр амжилттай оролцож ирсэн нэг жишээг хадгаламжийн түвшин дээр дурьдсан байна. Орлогоосоо тодорхой хувийг ирээдүйд зориулан хадгалах талаар хамгийн хүчирхэг гүрний иргэд сайнгүй байна. Харин зарим Зүүн Азийн орнууд жишээлэн Сингапур, Малайз, БНХАУ-ын иргэд энэ талаар хол давуу байдаг ажээ. Энэ нь нэг талаар уламжлалт соёл, үнэт зүйлстэй холбоотой боловч төрийн үүрэг тодорхой нөлөө үзүүлснийг үгүйсгэж болохгүй юм. Сингапур улс 1955 оноос Засгийн газрын шийдвэрээр иргэдийн цалингийн тодорхой хувийг нэгдсэн санд хадгалуулж иржээ. Эхлээд цалингийн 5% байснаа 1983 он хүртэл шатлан өсгөж иржээ. Харин БНХАУ-ын хувьд хадгаламжийг дэмжсэн хүчтэй уриа лоозон, кампанит ажил өрнүүлж иржээ . Харин Америкчуудын хувьд хэрэглээнд үндсэн орлогоо зарцуулах хандлага хүчтэй байдаг. Үүнийг тэдний эзэмшиж байгаа зээлийн картны тооноос харж болно. 300 гаруй сая хүн амд өнөөгийн байдлаар 1.3 тэрбум зээлийн карт байхад Хятадын 1.2 тэрбум хүнд үндснэдээ 5 сая зээлийн карт л хэрэглэгдэж байна . АНУ-ын эр, эм, хүүхэд хөгшидгүй амтай болгонд дөрвөөс дээш зээлийн карт ногдож байна.

Иймд зохиогчдын үзэж буйгаар төр засаг инфляц, ажилгүйдлыг хянах, ядуурлыг бууруулахаас гадна эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд санхүүгийн салбарт нарийвчилсан хяналт, зохицуулалтыг боловсронгуй болгох, цаашлаад улс оронд санхүү зээлийн зорилтот түвшинг тодорхойлон түүнийг хангах хөтөлбөр хэрэгжүүлж ажиллах нь туйлын чухал гэж үзжээ.

Энэхүү бүтээл нь дэлхийн эдийн засгийн хүндрэлтэй үед гарах арга зам эрэлхийлсэн чухал санаа дэвшүүлж, цаашид эдийн засгийн үйл явцыг удирдан залах талаар сонирхолтой шийдлийг санал болгож чаджээ. Дэвшүүлсэн үндэслэл, нотолгоо нь үнэмшилтэй бөгөөд хангалттай олон баримтыг цуглуулжээ. Цаашид энэ талаар судалгаа хийх, адгууслаг хүчин зүйлийн үүргийг харгалзах нь бодит байдлыг дүрслэн харуулахад чухал ач холбогдолтой юм.

Ном зүй

Akerlof, G.A. & Shiller R.J. 2009. Animal Spirits: How Human Psychology Drives the Economy, and Why It Matters for Global Capitalism Princeton University Press.