Ногоон нүдэн лам номын шүүмж

Нэг хэсэг монголын уншигчдын сонирхлыг татаж байсан энэхүү номыг 2 хоногийн дотор л дуусгалаа. Тэр их хэлмэгдүүлэлтийн үеийн байдлыг мэдрэх цаашаагаа юу болох бол гэсэн сонирхол 500 гаруй хуудастай номыг дуусгасан юм. Гадаад хүн бичсэн гэдгийг мэдсэн болохоор ч юм уу эхлүүлээд явж байхад монгол хүн ингэж бичихгүй дээ гэж их бодогдож байлаа. Бичлэгийн хувьд уран сайхан дүрслэлтэй, тансаг яруу үг хэллэгтэй гэж хэлж чадахгүй ч номны үйл явдал бидний хувьд хаалттай барагтай мэддэггүй хэлмэгдүүлэлт, тухайн үед байсан төрийн бодлого зэрэг нь хангалттай хүний сонирхлыг татан заавал дуустал нь унших хэрэгтэй мэт болгодог мэт.

Их хэлмэгдүүлэлт бол монгол хүн болгоны сэтгэлд гүн сэв үлдээсэн үйл явдал билээ. Олон ч хүнийг зөвхөн шашин шүтэж, Чингис хааны удам байсных нь төлөө хилс хэрэгт гүтгэсэн юм. Энэхүү их хэлмэгдүүлэлт нь эхлээд төрийн удирдагчдыг хорлосноор эхэлсэн гэж үздэг. Цаашлаад тайж ноёд, алтан ургийн, хөрөнгөтөн сэхээтэн, лам нарыг олноор нь хоморголон хороосон билээ. Тэднийг улс төрийн хэрэг гэх Лхүмбэ, Гэндэн- Дэмидийн хэргийн хамсаатан гэж гүтгэн, үүнийг нотолсон хуурамч баримт бичигт хүчээр гарын үсэг зуруулан толгойд нь буудан алдаг байж. Тоо баримтаас дурьдвал:

1932–1940 онд 28,451 хүн баригдаж шийтгүүлсэн. Түүний 20,822 хүн буюу 73% нь буудуулжээ. 1932-1937 оныг хүртлэх 5 жилд 1730 хүн шийтгэгдэж 162 буюу 0.9% нь буудагдсан бол 1937-1940 он хүртлэх 4 жилд 26,721 хүн шийтгэгдэж түүний 20,660 буюу 77% нь буудуулсан байна.

1937-1940 онд шийтгүүлсэн хүний тоо нь тэр үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9% -ийш эзлэж байсан бөгөөд энэ нь 1000 хүн тутмаас 10-11 хүн шийтгэгдэж, 8-9 хүн буудуулж байсан гэсэн үг юм.

1934 онд хуралдсан намын 9-р их хурлаар сонгогдсон бүгд хурлийн гишүүдийн 72%, Төв хорооны тэргүүлэгчдийн 82%, намын төв комиссын гишүүдийн 57%, Төв шалган байцаах комиссын гишүүдийн 80% нь баригдаж шийтгүүлжээ. Хэлмэгдүүлэлтийн оргил үе нь 1933, 1937, 1938, 1939, 1940 он байв.

Энэ номонд тэр үеийн цэргийн ноёдын бусармаг авир, урвагч нар, бурхан шашиндаа үнэнч лам нар, энэ бүхнийг эсэргүүцсэн ард түмэн гээд л маш олон дүр гарна. Мөн Бямбын Ринчен гуай ч гардаг. Хамгийн гол нь ном маань энэ бүх түүхийг гаргахаас гадна хийж буй зүйлдээ үнэнч чанар, эрдэм мэдлэг, авьяас чадвар хэзээд хэрэг болдог юм гэдгийг гол дүрүүдээрээ харуулахыг зорьсон мэт санагдсан. Мөн түүнчлэн монгол бүх хүн эх оронч байдаг юм гэдгийг Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх үү гэсэн бүх нийтийн санал асуулгаар харуулсан. Гол дүрийн лам Баасан олон жил хүнд хэцүүг туулж, хайртай бүсгүйгээсээ хагацан, Чойбалсанг үзэн ядаж байсан ч тэр хүний Монгол орноо гэсэн сэтгэлийг ойлгоод баярлаж тэр гомдлоо мартсан мэт болсон нь Монгол хүний цусанд шингэсэн үндсэрхэг үзлийг харуулж буй бөлгөө.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэг үг байдаг. Түүх бидэнд өнгөрснөөсөө суралцахад дэм болж өгдөг гэж би боддог. Зөвхөн бадарч явсан цаг үеэрээ бахархаж ярихаас гадна гашуун он жилүүдийг хэлэлцэн сургамж авах хэрэгтэй. Харин энэхүү ном танд эхлэлийг нь тавьж өгч чадна гэж би бодном.

Тоо баримт мэдээллийн эх сурвалж http://mn.wikipedia.org/wiki/Их_Хэлмэгдүүлэлт_(Монгол)